Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулав.

1919.05.10-нд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбийн нутагт Зөөлөнгийн хүрээнд малчин ард Дэжидийн гэрт Монголын киноны анхны шилдэг уран бүтээлчдийн нэг Найруулагч, Зураглаач Жигжид төржээ. 1934 онд Хөвсгөлөөс Улаанбаатарын багшийн их сургуульд ирж суралцсан.

Багшийн сургуулийн багш, зохиолч Төмөрийн Нацагдорж 1937онд кино үйлдвэрт найруулагчаар томилогдон ирэхдээ өөрийн сургуулиас найман хүүхдийг сонгон авлаа. Шалгаж авсан хүүхдүүдийг зураглаач болгох зорилготой байсан учраас зургийн мэдрэмж чадварыг нь голчлон үзсэн. Жигжид багасаа зурах дуртай, давгүй зурдаг байсан болохоор төвөггүй тэнцэж монголд кино урлагийг түгээх гэж ирсэн Зөвлөлтийн мэргэжилтэн,зураглаач А.Лебедевийн дагалдангаар ажиллаж эхлэв. Дагалдангаар ажиллаж байхдаа олон кинонд туслахаар ажиллаж туршлагажсаныхаа дараа “Шинэ Улаанбаатар” “Хуучин Улаанбаатар” баримтат киноны зурагыг бие дааж авсан. 1945онд Зөвлөлтийн Найруулагч Ю.В.Таричын “Цогт тайж” киноны зураглаачаар сайн ажилласан учраас 24 насандаа Монголын кино уран бүтээлчдээс анх удаа БНМАУ-н урлагийн гавъяат зүтгэлтэн хүртсэн.

Найруулагчийн ажлаа 1959 онд “Ардын элч” киногоор эхэлсэн. “Ардын элч”, “Үер” , “Өглөө” кинонуудыг мэргэжлийн өндөр түвшинд найруулан бүтээсэн тул 1969 онд БНМАУ-н төрийн шагнал хүртсэн. Д.Жигжидийн уран бүтээлүүд бүх насныханыг татаж чаддаг даацтай мэргэжлийн өндөр түвшинд бүтээгддэг. Тухайлбал: “Ардын элч”, “Өглөө”, “Үер”, “Тэмцэл”, “Түмний нэг”, “Хүний мөр” , “Хүргэн хүү”, “Өнөр бүл”, “Ард Аюуш” зэрэг олон сайхан бүтээлүүдтэй. Олон сайхан уран бүтээл туурвиж, ард түмэндээ хүндлэгдсэнийг хүлээн авч төр засгаас 1986 онд БНМАУ-н Ардын Жүжигчин цол хүртээсэн.

Найруулагч Д.Жигжид уран бүтээлчидтэйгээ маш нягт хамтран ажиллаж чаддаг байсан аж. Өөрөө зураглаач байсан болохоор зураглаач нарыг ойлгож, мэдэрч, зөвлөгөө өгдөг байсан. Жүжигчиддээ дүрийг нь сайн ойлгуулж ажилладаг байсан бөгөөд залуу жүжигчдийг ч хайж авъяасыг нь илрүүлж, жүжигчний урлагийг зааж сургаж, тоглуулж чаддаг байсан нь уран бүтээлд нь илхэн харагддаг. Найруулагч хүн ямар байх ёстойг харуулж чадсан, бүтээлээрээ монголдоо төдийгүй гадаад улс орнуудад үнэлэгдсэн ХХ зууны манлай Кино Найруулагч, зураглаач хүн бол Дэжидийн Жигжид билээ.