Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран эко сургууль хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг болох, сайн туршлага, арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эко сургууль хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, үр дүн-2019 уулзалт, зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Эко сургууль хөтөлбөр нь сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаар дамжуулан суралцагчдын тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, амьдралын зөв зан үйл, дадал төлөвшүүлэхэд  чиглэсэн байгаль орчны боловсрол, менежментийн олон улсын хөтөлбөр юм.

Өнөөдөр дэлхийн 67 улсын 52000 орчим сургуульд энэхүү хөтөлбөр хэрэгждэг бөгөөд Монгол улсад 286 ерөнхий боловсролын сургууль, 4 цэцэрлэг хэрэгжүүлж эхлэсэн.

Манай аймгийн хувьд  ерөнхий боловсролын Дэлгэрмөрөн, Авьяас-8, Тариалан, Рашаант сумын болон Хатгал тосгоны сургуулиудад 2017 оноос хэрэгжүүлж байна.

Тус зөвлөгөөнөөр Эко сургууль хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, оны шилдэгээ тодруулсан бөгөөд Мөрөн сумын урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын Авьяас сургууль “Эко сургууль-2019” цомын эзэн боллоо.

Цаашид Эко сургуулиуд

·         Сурагчдад тогтвортой хөгжлийн боловсрол олгох сургуулийн менежментийн загвар боловсруулж, хичээл бүрийн агуулгад тодорхой хэмжээгээр тусгаж болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлж , үр дүнг тооцож ажиллах;

·         Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын үе шат бүрт сурагчдын оролцоог хангаж, манлайллыг дээшлүүлэх;

·         Эко сургууль хөтөлбөрийн талаар орон нутгийн иргэд, эцэг эхчүүдэд мэдээлэл өгч, тэдний олон талт дэмжлэгийг авч ажиллах;

·         Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, жилийн зорилго, зорилтуудад эко сургуулийн үзэл санааг тусгах;

·         Хүлэмж, сургалт, дадлагын талбай байгуулах ажлыг судалж, сургууль, сум орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх;

·         “Эко сургууль” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг заасан хугацаанд шалгуурын дагуу гаргаж, олон нийтэд мэдээллэж байх; шаардлага байна.

Энэхүү уулзалт, зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулах төдийгүй Эко сургуулиудын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхэд анхаарна.