Аймгийн Засаг даргын “Хөгжлийн Хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарт хэрэгжиж буй “Оюунлаг Хөвсгөл” дэд хөтөлбөрийн ажил үйлчилгээний нэг болох “Цахим боловсрол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж  байна.

Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймгийн Багшийн хөгжлийн ордонд “Цахим мэдээллийн төв” байгуулагдан нээлтээ хийлээ. Тус төвийн зорилго нь аймгийн боловсролын технологийн хөгжлийн сангийн бүртгэл, мэдээлэл ба боловсролын салбарын үйлчилгээ, мэдээ мэдээллийг үндэсний хэмжээнд цахим байдлаар түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэхэд чиглэж байгаа билээ.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд,  Боловсрол Соёл, Урлагийн Газрын дарга Я.Дашзэвэг,  Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, бүсийн төв сургуулийн захирлууд, мэдээллийн технологийн багш нар,  Мөрөн сум болон сумдын сургуулийн багш нарын төлөөлөл онлайнаар оролцлоо.

Дашрамд дурьдахад “Цахим боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол талбар болох аймгийн багш нарын цахим сургалтын www.online-khuv.mn сайт ажиллаж эхэлсэн бөгөөд мэргэжлийн судлагдахуун тус бүрээр онлайн сургалт хийх боломж бүрдсэн болно. Иймд боловсролын салбарын ажилтан, албан хаагчид болон иргэд та бүхэн тус сайтаас хэрэгтэй мэдээллээ хайх боломж бүрдсэнийг дуулгахад таатай байна.

 

АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР