БНХАУ-ын Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Уул, Гадаад харилцааны газрын орлогч дарга Улаанхуар, Эмнэлэгийн хорооны дарга Үндэс, Боловсролын газрын дарга Баатар тэргүүтэй зочид төлөөлөгчид Хөвсгөл аймагт зочиллоо.  Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Ц.Баттогтох, ЭМГ-ын дарга Л.Үүрийнбаяр, БСУГ-ын дарга Я.Дашзэвэг нар тус хотын зочид төлөөлөгчидтэй хийсэн уулзалтанд оролцсон бөгөөд цаашид боломжтой бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хэрхэн хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцлоо.  БНХАУ-ын Эрээн хот нь Монголчуудын хамгийн их зорчдог хот бөгөөд худалдаа арилжаа ихээр явагддаг хилийн боомт хот юм. Хөвсгөл аймаг, БНХАУ-ын Эрээн хот хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсанаар манай аймгийн иргэд тус хотоор зорчихдоо эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах, үзлэг оношилгоо хийлгэх, тус хотын сургууль, цэцэрлэгт хүүхэд багачуудыг сургах боломж бүрдэж байгаа юм. Албан ёсны уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн 2-р цэцэрлэгийг тус хотын Монгол цэцэрлэгтэй хамтын ажиллагаа эхлүүлэх санамж бичигт, Эрүүл мэндийн газрыг тус хотын эмнэлэгийн хороотой хамтран ажиллах санамж бичигт, Аймгийн ИТХ ба Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн байнгын хороотой хамтран ажиллах санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурав. Ингэснээр Хөвсгөл аймгийн иргэд тус хотоор зорчих үедээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах, харилцан туршилга судлах, боломж бүрдэж байгаа юм. Дашрамд сонирхуулахад тус хот нь манай улсын Дорноговь аймаг болон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргүүдтэй хамтын ажиллагаатай юм байна.