“Оюунлаг Хөвсгөл” боловсролын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан аймгийн засаг дарга Л.Ганболдын нэрэмжит “Оюунлаг Математикч” математикийн 8-р олимпиад 2019 оны 11 сарын 01-ны өдөр Баянзүрх суманд зохион байгуулагдлаа. Тус олимпиадад 16 сургуулийн 150 гаруй суралцагч, 50 багш, урилгаар Монгол улсын гавьяат багш Г.Пүрэвжий, Ж.Нямжав, П.Лхагвасүрэн, ахмад багш 12 оролцлоо. Энэ удаагийн олимпиад нь Баянзүрх суманд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болсон бөгөөд тус сумаас математик физикийн чиглэлээр Монгол улсын гавьяат багш 3, эдийн засгийн чиглэлээр 1, нийт 4 гавьяат багш төрөн гарчээ. Оюунлаг Математикч” олимпиадын зорилго нь математик боловсролын чанар, үр дүнг нэмэгдүүлэх, математикт авьяастай сурагчдыг нээн илрүүлж хөгжүүлэх, түүнчлэн анх удаа суманд зохион байгуулагдаж буй учир математик боловсролыг сум орон нутгийн иргэдэд сурталчлах, Баянзүрх сумаас төрөн гарсан МАТЕМАТИКИЙН ГАВЬЯАТ, АХМАД БАГШ нарт хүндэтгэл үзүүлэх /гаргасан амжилт, гавьяаг алдаршуулах/-эд чиглэгдэж байлаа. Математикийн 8 дахь удаагийн олимпиадын үеэр Аймгийн БСУГ, Баянзүрх сумын Соёлын төв, ЕБС-тай хамтран Гар урлалын үзэсгэлэн, Шинэ, хуучин номын үзэсгэлэн, Уран бичлэг, Хөвсгөл аймгийн Оюун ухааны академийн сурагчдын үзүүлэх тоглолтыг хамтран зохион байгууллаа.Тус олимпиадын үеэр Монгол улсын гавьяат багш Г.Пүрэвжий багшийн арга зүй, туршлагыг сурталчилсан “АМЖИЛТ БАХАРХАЛ” арга зүй, туршлагын үзэсгэлэн гаргаж олимпиадад оролцогчдод сурталчилсан. Олимпиадад оролцож буй багш, сурагчдад Монгол улсын гавьяат багш Г.Пүрэвжий, Ж.Нямжав, П.Лхагвасүрэн нар уулзалт зохион байгуулж туршлага солилцох үйл ажиллагааг явуулсан нь үр дүнтэй ажил боллоо.