Хөвсгөл аймгийн БСУГ, Нийтийн номын сантай хамтран "Номын баяр-2018" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү номын баярт ЕБС-ийн сурагчид, номын санчид, Монгол хэл уран зохиолын багш нар, Аймгийн зохиолчдын холбооны яруу найрагчид оролцлоо.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, ЕБС-ийн номын санч нар, Соёлын төвийн номын санч нар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мөрөн сумын ИТХ-тай хамтран "Хоймор нутаг" хэмээх Хөвсгөл аймгийн сумдын товч түүх, үзэсгэлэнт газрын мэдээлэл бүхий зурагт номыг бүтээлээ. Энэхүү ном нь хамгийн олон зохиогчтой, хамгийн олон номын санч нар оролцсон, хамгийн товчоор сумдын түүхийг хураангуйлсан гэдгээрээ Хөвсгөл аймгийн ном бүтээх соёлд өвөрмөц шийдэл бүхий танин мэдэхүйн ном болжээ.

"Номын баяр-2018" арга хэмжээний үеэр аймгийн төвийн 9 сургуулийн номын санч нар, Нийтийн номын санч нарын дунд "Уйгаржин монгол бичгээр хэн сайхан бичих вэ?" уралдааныг зохион байгуулж номын санч нарынхаа мэдлэг, чадварыг сорилоо. 1-р байранд ЭДЦС-ийн номын санч Энхтуяа, 2-р байранд Нийтийн номын сангийн номын санч Энхтуяа, 3-р байранд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн номын санч Дэлгэрбаяр нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий дурсгалын зүйлээр шагнууллаа.