“Монголын сайхан бичигтэн -2018” улсын уралдаанд Хөвсгөл аймгийн монгол хэл бичгийн 83 багш, 2250 сурагч анги нийтийн ангилалд оролцлоо. Хөвсгөл аймгийн “Эх хэл бичиг” хөтөлбөрийн хүрээнд олон ажил төлөвлөж, хийж гүйцэтгэж байгаагийн нэг нь энэ удаагийн уралдаанд юм. Багш нарын ангилалд Авьяас сургуулийн Монгол хэл бичгийн багш Д.Хүрэлмөнх, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш Лхамсүрэн нар тэргүүлсэн бол анги нийтийн ангилалд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн О.Нямгэрэл багштай 10в ангийн хамт олон манлайлан оролцсон юм. Хөвсгөл аймгийн Монгол хэл бичгийн багш нар энэ хичээлийн жилд Монгол бичгийн сургалтын чанарыг ахиулах зорилго тавин 147 багш 13 аравт баг болж, хамтран хөгжиж суралцаж байна. Энэ жилийн "Монголын сайхан бичигтэн-2018" улсын уралдаанд өндөр ач холбогдол өгч, ийнхүү аймагтаа эхний шатны шалгаруулалтыг энэ өдрүүдэд хийж, үнэлж дүгнэлээ. Шилдэг 25 багш,25 ангийг шалгаруулж, улсын уралдаанд бичвэрүүдээ сайжруулан илгээж байгаа бөгөөд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өндөр гүйцэтгэлтэй 10 багш, 10 анги хамт олонд   тус бүр 20 ном, бусад хэрэглэгдэхүүнээр шагнаж урамшуулав. Аймагтаа анх удаа улсын уралдааны эхний шатны шалгаруулалтыг хийсэн нь хамтдаа суралцаж хөгжих, туршлага хуваалцах том боломжийг нээж өгч буй үр дүнтэй ажил болж байгаа юм. Сургууль бүрт, багш, сурагч бүрт “цаашид хэрхэн анхаарч ажиллах, дараагийн уралдаанд яаж оролцох, үндэсний бичгийн хичээлийг чанарыг хэрхэн ахиулах тухай“ зөвлөмжийг хүргүүлж эхэллээ. Улсын уралдааны бусад ангилалд Хөвсгөл аймгаас олон оролцогч байгаагаас ахмад багш н.Сайнтогтох-Бичвэрийн бус бүтээлийн, Д.Доржпагма "Уран бичлэг"-ийн төрөлд, Титэм сургуулийн 12б ангийн сурагч Д.Бямбажаргал төгсөх ангийн сурагчдын ангилалд оролцож байгааг онцлоход таатай байна. "Монголын сайхан бичигтэн-2018" улсын уралдааны бүтээлийг хүлээн авах хугацаа 2018 оны 12 сарын 15-нд дуусгавар болж, 25нд дүн гарна. Хоймор нутгийн багш, сурагчид өнөө жилийн “Монголын сайхан бичигтэн-2018” уралдаанд өргөн дэлгэр оролцож байгаа зорилго бол үндэсний бичгийн хичээлийн сургалтын чанарыг ахиулахад оршино.