Боловсрол соёл, урлагийн газар “Цахим боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “ФючерСкүүл Монголиа” компанитай хамтран Remark Office OMR буюу тестийн шалгалт засах супер програм хангамж, сканнерыг эхний ээлжинд Цэцэрлэг, Хатгал, Рашаант, Эрдэнэбулган, Дэлгэрмөрөн цогцолбор, Эрдмийн далай цогцолбор, Мөрөн Гурван эрдэнэ, Сод Эрдэм, Шинэ-Идэр зэрэг нийт 9 сургуулиудад нийлүүлэхээр боллоо.

Remark Office OMR програм хангамж, сканнер нь 1 минутад 35 хариултын хуудас засаж, эцсийн үр дүн, тайлан мэдээ, анализыг 20 гаран хувилбараар тайлан болгож харуулдаг ухаалаг технологи юм.

Сургууль багш нар шалгалт, судалгаа, санал асуулгын хариултын хуудасны дизайныг Microsoft Word, Excel, InDesign, Adobe болон бусад програм хангаж дээр өөрийн хүссэн загвараар боловсруулж, бэлтгэсэн хариултын хуудсаа ердийн бичгийн цаасан дээр бүх төрлийн принтер, хувилагч ашиглаж олшруулах боломжтой.

Remark Office OMR програм хангамж, сканнертай болсноор аймаг орон нутгийн түвшинд элсэлтийн урьдчилсан сорил шалгалтыг тодорхой системтэй явуулах, сурагчдын мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшинг тогтоон алдсан алдаа дутагдлыг засан сайжруулах алдаанаасаа суралцаж, цаашид өөрсдийн хүссэн оноогоо авч сонгосон сургуульдаа орох боломжийг бүрдүүлэх сайн талтай. Мөн түүнчлэн сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад үнэлгээ хийх, сурагчдын сурлагын амжилт, чанарыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ. 5,9-р ангиудын улсын шалгалтын сорилго шалгалт, хөндлөнгийн үнэлгээг түргэн шуурхай явуулахад шалгалтын тестийн машин чухал нөлөөтэй.